Онцлох ишлэл
|
|
"Монголбанкнаас зарладаг нийт 35 улсын төгрөгтэй харьцах валютын ханшийн хөдөлгөөнийг оны эхээс авч үзвэл Египетийн фунт (EGP), Өмнөд Африкийн рэнд (ZAR), Норвегийн крон (NOK), Рубль (RUB) болон Японы иен (JPY) тус тус төгрөгтэй харьцуулахад хамгийн ихээр суларчээ.”
-М.Номин-Эрдэнэ
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Брокер
|
|
|
|
Онцлох шинжилгээ
|
Монголбанкнаас зарладаг нийт 35 улсын төгрөгтэй харьцах валютын ханшийн хөдөлгөөнийг оны эхээс авч үзвэл Унгарын форинт (HUF), Казахстаны тенге (KZT), Индонезийн рупиа (IDR), Шведийн крон (CKZ) болон Тайванийн доллар (TWD) тус тус хамгийн ихээр чангарсан үзүүлэлттэй байна. Харин Египетийн фунт (EGP), Өмнөд Африкийн рэнд (ZAR), Норвегийн крон (NOK), Рубль (RUB) болон Японы иен (JPY) хамгийн ихээр суларчээ.
|
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 40,040.88 нэгжид хүрч, 5.4%-ийн өсөлттэй хаагдлаа. Үүнд, Таван толгой ХК-ийн (TTL) хувьцааны ханш 32.1% өссөн нь гол нөлөөг үзүүлэв. (Монголын хөрөнгийн бирж нь Сар шинийн баярыг тохиолдуулан Мягмар гарагаас Пүрэв гарагийг дуустал ажиллаагүй.)
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцын дарамт үргэлжилж буйг батлах үзүүлэлт мэдээлэгдсэнээр S&P 500 индекс 2.7%, DJIA индекс 3.0% тус тус 7 хоногт буурлаа. DJIA индексийн хувьд 2023 онд 1.0%-ийн сөрөг өгөөжтэй болж эхлээд байна. Баасан гарагт мэдээлэгдсэн хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 1-р сард 0.6%-иар өссөн үзүүлэлттэй гарсан юм. (Хоол хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон.) Энэ нь 2022 оны 8-р сараас хойших хамгийн өндөр өсөлт болж, хөрөнгө оруулагчдад түгшүүр төрүүлж улмаар хувьцааны ханш унаж эхэлсэн.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн үзүүлэлт болон аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа сайн гарсан нь төв банкны бодлогын хүү өсөх хүлээлтийг нэмэгдүүлж улмаар Европын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Евро бүсийн бизнес идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 2-р сард 50.3-аас 52.3-д хүрч өссөн нь сүүлийн 9 сарын дээд үзүүлэлт болов.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы төв банкны дараагийн ерөнхийлөгч болохоор хүлээгдэж буй Казуо Уэда одоогийн баримталж буй мөнгөний хэт зөөлөн бодлого нь сөрөг үр дагавартай буйг парламентын доод танхимд болсон хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө. Гэсэн хэдий ч өнөөгийн эдийн засаг, инфляц болон зах зээлийн хэтийн төлөвийг харгалзан үзвэл мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах нь зүйтэй хэмээн онцоллоо.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын агаарын бөмбөлөг АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь тагнуулын шинж чанартай байсан тул 2 улс хоорондын дипломат харилцаанд асуудал үүсэж БНХАУ-ын хувьцааны зах зээл 3-н долоо хоног дараалан уналттай байсан билээ. Харин өнгөрөгч 7 хоногт хөрөнгө оруулагчдын санаа зовнил намжсанаар тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.3%, "CSI 300" индекс 0.7% тус тус 7 хоногт өслөө.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Бондын зах зээл
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 21 ширхэг үнэт цаасыг 2.12 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Баасан гарагт мэдээлэгдсэн хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 1-р сард 0.6%-иар өссөн үзүүлэлттэй гарсан нь АНУ-д инфляцын дарамт үргэлжилсээр байгааг баталж улмаар тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 2022 оны 11-р сараас анх удаа 4.0%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ
|
|
Өрхийн сарын дундаж бодит орлого 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурав
|
2023.02.24
|
Өрхийн сарын дундаж бодит зарлага өнгөрсөн оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ.
2022 онд өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны IV улиралд өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болсон бол бодит орлого 1.2 сая төгрөг болсон байна.
|
Дэлгэрэнгүй
|
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ I сард 25.6 хувиар өсөв
|
2023.02.24
|
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ I сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 185.5 тэрбум төгрөгөөр буурчээ.
2023 оны нэгдүгээр сард улсын нэгдсэн төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин улсын төсвийн зарлага 1.11 их наяд төгрөг болсноор төсвийн тэнцэл 31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 дахин буурлаа.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ
|
|
"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
|
2023.02.24
|
"Э-Транс ложистикс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 3.00 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
|
Дэлгэрэнгүй
|
"ТӨРИЙН БАНК" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
|
2023.02.20
|
"Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 63.68 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг эрх бүхий байгууллагын шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|